Saturday, November 7, 2015

1.Механик хөдөлгөөн 

Аливаа юмс үзэгдлийн өөрчлөлтийг ерөнхийд нь хөдөлгөөн гэж нэрлэнэ. Физикт хөдөлгөөн хэмээх ойлголтыг ерөнхий утгаар нь биш маш явцуу хүрээнд авч үздэг. Тухайлбал: тэнгэрт үүл хөвөх, онгоц нисэх, газар дээр машин давхих, модноос алим унах, цагийн дүүжин хэлбэлзэх зэргийг ажиглаж болно. Энд тоочиж байгаа хөвөх, нисэх, давхих, унах, хэлбэлзэх хэмээх үгнүүдийг хөдлөх хэмээх ганц үгээр тодорхойлж болно. Эдгээр хөдөлгөөн өөр өөрсдийн онцлогтой бөгөөд янз бүрийн байдалтай байх боловч тэдгээрт бүгдэнд нь ерөнхий нэгэн чанар бий. Энэ бол өөр биетэй харьцангуй нэг биеийн байрлалын өөрчлөлт юм. Жишээ нь: үүл, онгоц, машин дэлхийтэй, алим модтой, цагийн дүүжин түүнийг дүүжилсэн цэгтэй харьцангуй өөрийнхөө байрлалыг тус тус өөрчилнө. Үүнээс үзэхэд нэг бие нөгөөтэй харьцангуй  байрлалаа өөрчилж болдог байхад нэг биеийн хэмжээнд ийм өөрчлөлт бас явагдана. Жишээ нь: резиныг сунгах ба агшаах, бөмбөгийг хийлэх ба хийг нь гаргах зэрэгт биеийн нэг хэсгүүд нөгөөтэйгөө харьцангуй өөрчлөгдөж байдаг. Иймд байгальд явагдаж байдаг нэг бие буюу түүний хэсгүүд нөгөө бие болон бусад хэсгүүдтэй харьцангуй өөрийнхөө байрлалыг өөрчлөх үзэгдлийг механик хөдөлгөөн гэж нэрлэх ба түүнийг судалдаг физикийн нэгэн хэсгийг зүгээр механик гэнэ.

No comments:

Post a Comment